
Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний Холбооны Сүхбаатар аймгийн Салбар Хорооны дарга, Бизнесийн Удирдлагын Доктор О.Батсайхантай тус хорооны үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Салбар хороо хэдэн онд байгуулагдсан бэ? Мөн байгуулагдсан цагаасаа хойш ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
Манай Сүхбаатар аймгийн Салбар Хороо нь 2015 оны 7-р сард албан ёсоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн аймгийнхаа 13 суманд салбар хороодыг үүсгэн байгуулж, тэргүүлэгч байгууллагуудтайгаа хамтран олон чухал ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Бид үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны чиглэлээс гадна тэдний амьдрал ахуйн бүх тал дээр анхаарч ажилласан. Энэ хүрээнд:
- Төр, Засгийн бодлого, шийдвэр болон Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоотой хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулж, холбогдох дэмжлэгийг хүргэсэн.
- Үзэсгэлэн худалдаа болон Баялаг Бүтээгчдийг Дэмжих Жилийн ажлуудыг хэрэгжүүлсэн.
- Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан зээл, тусламж (Сум хөгжүүлэх, хоршоо хөгжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих сангийн эх үүсвэрээс гадна орон нутгийн эх үүсвэр) олгох ажлыг идэвхжүүлсэн.
- Сургалт, хурал, зөвлөгөөн, туршлага судлах аялалуудыг зохион байгуулж, хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлсэн.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажилласан нь үр дүнтэй байлаа.
Удахгүй болох гэж буй “Баялаг бүтээсэн 10 жил” шинэ жилийн цэнгүүний талаар товч мэдээлэл өгнө үү. Энэ арга хэмжээний онцлог юу вэ?
Энэ жил манай хороо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан бид “Баялаг Бүтээсэн 10 Жил” гэсэн брэнд үгийн хүрээнд шинэ жилийн баяраа тэмдэглэнэ.
Энэ арга хэмжээний гол зорилго нь:
- Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг алдаршуулах, тэднийг олон нийтэд сурталчлах.
- Борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх мэдээллийн дэмжлэг үзүүлэх.
- Цаашдын улс орны хөгжлийн төлөө анхаарах зүйлс, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлийг тодорхойлох юм.

Одоогоор салбар хороо хэдэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ? Мөн аймгийн ЖДҮ эрхлэгчдийн дунд зонхилох үйлдвэрлэлийн салбар нь ямар чиглэлтэй байдаг вэ?
Манай хороонд нийт 300 гаруй баялаг бүтээгч гишүүн нэгдсэн байдаг. Тэд бүх л төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид 10 жилийн турш үйлдвэрлэгчдийг нэгтгэн, тэдний бараа бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Үүний нэг жишээ бол аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг Цагаан сарын үзэсгэлэн худалдаа юм.
ЖДҮҮ холбоо дараагийн 10 жилээ “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” уриатайгаар эхлүүлж байгаа билээ. Энэ зорилгын хүрээнд Сүхбаатар аймгийн салбар хороо ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?
Энэ уриалга нь улс орны хөгжлийн үндсэн суурь учраас маш чухал. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн үйлдвэрлэгчдийн хамтын үйл ажиллагааны хүрээнд кластер хэлбэрээр хөгжүүлэх нь хамгийн зөв гарц юм.
Тиймээс бид энэ чиглэлээр:
- Аймаг, орон нутгийн удирдлага.
- Сургалтын байгууллагууд.
- Үйлдвэрлэгчид болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах уриалга дэвшүүлж, энэ зорилгод хүрэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Ярилцлагын төгсгөлийн асуултыг танд үлдээе?
Сүхбаатар аймгийн Салбар Хороо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан, 300 гаруй баялаг бүтээгч үйлдвэрлэгчдэдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Та бүхний цаашдын ажил хөдөлмөр нь улам их амжилттай, сайн сайхан байх болтугай.
Мөн бид шинэ жилийн арга хэмжээндээ үйлдвэрлэгчдээ алдаршуулсан сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тул Та бүхнийг шинэ жилдээ хүрэлцэн ирж, нэг үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. Баярлалаа.








