All-in-One Solution

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна

Итали улсын Ром хотод баялаг бүтээгчдийн “Итали-Монголын бизнес форум” болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад хийх төрийн айлчлал Ром хотод үргэлжилж байна.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо.

Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ хэллээ.

Тус айлчлалаар хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2025.12.02-03-ны өдрүүдэд баялаг бүтээгчдийн “Итали-Монголын бизнес форум” болно. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд Итали улсын Наполи хотын гурилан бүтээгдэхүүн болон кофе, бяслаг, сүүн бүтээгдэхүүн, шингэн хүнсний үйлдвэрүүдтэй танилцан туршлага судлахаар төлөвлөж байгаа юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих