
БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” 2025 оны 11 дүгээр сарын 28-нд болж, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ.

Семинарын үеэр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн төлөв байдал, мах боловсруулах салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог дэлгэрэнгүй танилцууллаа. Хятадын талаас БНХАУ-д мах импортлох явцад мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалт, шаардлага, лабораторийн баталгаажуулалт, хил дамнасан гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэг тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.

БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Монголын махны салбар өсөн хөгжих таатай нөхцөл бүрдэж байгаа билээ. Тиймээс талууд экспортын цар хүрээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.
Хоёр талын зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт өвчний хяналтын хамтарсан ажиллагааг үр дүнтэй болгох боломжийн талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, талууд мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортын нотолгоо, хяналтын процессыг илүү ил тод, шуурхай болгох шаардлагатайг онцоллоо.
Семинарын үр дүнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдаа, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, экспортын баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцолд хүрч, хувийн хэвшил болон төрийн байгууллагын түвшинд шинэ боломжуудийг нээлээ. Махны үйлдвэрлэл, экспортын салбарт тулгамдаж буй сорилтуудыг даван туулах, хоёр улсын зах зээлд харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж оролцогчид дүгнэв. Ингэснээр “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” нь хоёр орны худалдаа, хүнсний сүлжээнд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж, цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болж байна.
Эх сурвалж: Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам