Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд буй мөргөлдөөний энэ үед бичил, жижиг, дунд бизнесүүд (ЖДБ) эмзэг болон зөрчилдөөнтэй бүс нутагт ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) “Энхийн төлөөх худалдаа” долоо хоногийн дөрөв дэх удаагийн арга хэмжээний үеэр болсон хоёр хуралдаанаар хувийн хэвшил эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, зөрчилдөөнөөс хойших урт хугацааны тогтвортой байдалд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг харууллаа.
Санхүүжилтийн хүртээмжээс гадна ур чадварын сургалт, чадавх бэхжүүлэлтийн дутмаг байдал нь жижиг бизнесүүдийн энхийг цогцлоох чадамжийг хязгаарлаж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид зөрчилтэй бүс нутагт ажиллаж буй компаниудад аюулгүй байдал, авлига, мөргөлдөөнтэй уялдсан эрсдэлийг даван туулахад чиглэсэн тусгайлсан дэмжлэг шаардлагатайг онцлов. Түүнчлэн төрийн худалдан авалтын бодлого нь жижиг бизнесийн өсөлтийг дэмжих чадамжтайг тэмдэглэв.
“Энхийн төлөөх худалдаа” сэдэвт шинэ бүтээлийг танилцуулсан өндөр түвшний хуралдаанаар худалдаа эдийн засгийн тогтвортой байдал, энхийг дэмжихэд чухал үүрэгтэйг дахин баталгаажууллаа. Уг бүтээлд ДХБ-ын гишүүнчлэл нь шинэчлэлийг урамшуулж, эдийн засгийн интеграцыг нэмэгдүүлж, эмзэг улс орнуудад энхийг тогтоох үйлсэд хувь нэмэр оруулдаг болохыг харуулсан байна. Мөн гишүүнчлэл нь зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, түүхий эдээс хамаарлыг бууруулан, эдийн засгийг төрөлжүүлэхэд тусалдаг. Дэлхийн эдийн засагт нэгдсэнээр эмзэг улс орнууд илүү хүчтэй харилцан хамаарлыг бий болгож, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлдэг.
Гэвч хүчирхийлэл нь худалдаанд ноцтойгоор нөлөөлдөг. 2024 оны “Дэлхийн Энхийн Индекс”-т дурдсанаар 2023 онд мөргөлдөөнөөс шалтгаалсан эдийн засгийн зардал 19.1 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн 13.5 хувьтай тэнцэж байна. Энэ нь худалдаанд суурилсан энхийг бэхжүүлэхийн чухлыг харуулж буй хэрэг.
Мөн уг бүтээлд худалдаа өөрөө дангаар зөрчилдөөнөөс сэргийлэх, эсвэл шийдвэрлэх боломжгүйг онцолсон. Худалдаа нь мөргөлдөөнөөс хойших сэргэлт, дотоодын зөрчилдөөн бууруулах, энхийн үйл хэрэгт чухал нөлөөтэй хэдий ч ганцаарчилсан шийдэл биш юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид худалдааны экосистем жижиг бизнесүүдийн өнцгөөс хандах ёстой гэж санал нэгджээ. Учир нь тэд эмзэг эдийн засгийн түлхүүр тоглогчид юм.
Эмзэг байдал өрсөлдөх чадварыг сулруулж буй нөхцөлд олон жижиг бизнес дотоодын зах зээлдээ гацаж, тогтворгүй эдийн засгаас өндөр хамааралтай хэвээр байна.