ОУСК ба М банк жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих дижитал зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) болон Монголын анхны салбаргүй дижитал банк болох М банк хамтран инновацлаг хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.
Энэхүү ажлын хүрээнд ОУСК-аас М банканд 30 сая ам.доллар хүртэлх санхүүжилт олгох бөгөөд үүний 25 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулах юм. Мөн ЖДҮ болон нийлүүлэлтийн сүлжээг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг өргөжүүлж, байгаль орчин, нийгмийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ.
Монголын нийт ажиллах хүчний 70 гаруй хувийг бүрдүүлдэг ЖДҮ-ийн гуравны хоёрыг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлдэг хэдий ч банкны санхүүжилтэд хүрэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Судалгаагаар ЖДҮ-ийн зөвхөн 50 хувь нь л банкны дэмжлэг авч, 31% нь зээлийн бүрэн хязгаарлалтад орж буй нь бүс нутгийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн:
“Манай банк дижитал шилжилтийг манлайлан хэрэгжүүлж буй тул ОУСК-тай хамтарснаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагч бүртээ илүү тохирсон санхүүгийн шийдлүүдийг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай М банк 2022 онд арилжааны банкны тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хурдтай өргөжиж, 2023 оны эцсийн байдлаар нийт актив нь 200 сая ам.доллар, зээлдэгчдийн тоо 40 мянга давжээ.
ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов:
“Монгол шиг хүн ам тархай оронд дижитал шийдэл нь зайлшгүй шаардлагатай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал боломж юм. Бид зах зээлийн өрсөлдөх чадвар, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн тулд М банкинд хөрөнгө, туршлагаа хуваалцаж буйдаа баяртай байна” гэлээ.
Сүүлийн 5 жилд ОУСК Монголын санхүүгийн байгууллагуудад 345 сая ам.долларын санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлсэн бөгөөд цаашид ч тогтвортой хөгжлийг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ.


